ДОРНОД: Нарны цахилгаан станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-04 15:40:57

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянтүмэн суманд 10 МВт/40МВт.цагийн батерей хуримтлууртай, нийт 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулна.


Дорнод аймаг сэргээгдэх эрчим хүчний нөөц боломждоо тулгуурлан үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Эрчим хүчний яамны холбогдох нэгжүүдтэй хамтран Чойбалсан дэд станцын орчимд 90 га талбайг сонгон, Баянтүмэн сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна. Уг талбайд 10 МВт/40 МВт.цагийн батарей хуримтлуур бүхий нийт 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж, “Чойбалсан” дэд станцад холбохоор төлөвлөж буйг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Дорнод аймаг өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын тархалт сийрэг тул төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй өрх цөөнгүй байдаг. Иймээс өрхийн түвшинд жижиг эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж, өөрийн хэрэгцээг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэн борлуулах зохицуулалтыг бүрдүүлэх нь чухал гэдгийг ажлын хэсгийнхэн онцолжээ.


Өнөөдөр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, М.Энхцэцэг нар Дорнод аймагт ажиллаж, иргэдэд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрх болон аж ахуйн нэгжийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өглөө. Мөн эрчим хүчийг хэмнэж, илүүдэл үйлдвэрлэлийг ашиглан нэмэлт орлого олох боломжийг танилцууллаа.

Энэ үеэр “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнг зохион байгуулж, өрхийн эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцон бүтээгдэхүүнээ сурталчлав. Түүнчлэн иргэдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад арилжааны банкаар дамжуулан ногоон зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Related news