ДОРНОД: Зүүн бүс нутаг ноолуурын 13-15 хувийг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн тал хувийг бүрдүүлж, жилд дунджаар 9 мянган тонн ноолуур нийлүүлдэг. Харин зүүн бүс нутаг улсын хэмжээнд бэлтгэдэг ноолуурын 13-15 хувийг хангаж байна. Зүүн аймгуудын хувьд ноолуур эрт гардаг бөгөөд нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэтэй байдаг онцлогтой.
Дорнод аймгийн хоршоологчдод “Ямааны ноолуурын чанар стандартын шаардлагын дагуу түүхий эд бэлтгэх” сэдэвт сургалтыг явуулав. Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХАА-н бирж, “АДАПТ” төсөл, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагаас зохион байгуулж байна. Тодруулбал, ямаа самнах технологи ажиллагаа, ямааны тавлаг байдал, ноолуур бэлтгэлийн чанарын шаардлага, ноолуурыг чанараар ангилан ялгаж бэлтгэх аргачлалын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхийг зорьж байгаа юм.
Дорнод аймгийн малчид жилд дунджаар 220 тонн ноолуур бэлтгэж, зах зээлд нийлүүлснээр 30 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэсэн дүн мэдээ бий. Аймгийн Засаг дарга Ш.Ёл, “Дорнод аймаг цаашид энэ чиглэлийн сургалтыг сумд болон малчдын түвшинд хүргэн нутагшуулахыг зорьж байна. Ноолуурыг стандартын дагуу бэлтгэж, чанарыг сайжруулснаар зах зээлийн үнийг өсгөж, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэв.
Мөн тус аймаг малын эрүүл бүсийг бий болгон, чанартай түүхий эд бэлтгэж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна.