ДОРНОД: Улсын физикийн олимпиадад 16 багш, сурагч оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-7-ны өдрүүдэд болох Улсын физикийн 37 дугаар олимпиадад Дорнод аймгаас 12 дугаар ангийн зургаа, 9 дүгээр ангийн таван сурагч, таван багшийн хамт оролцохоор бэлтгэж байна.
Физикийн багш Б.Мөнхтуяа: "Нэг, хоёрдугаар шатны бэлтгэлээ аймгийн физикийн багш нарын хэмжээнд зохион байгуулсан бол гурваас тавдугаар шатанд Төв аймагт 10 хоногийн сургалтад хамрагдах, МУИС, МУБИС, ШУТИС-ийн лаборатори кабинетад туршилтад ажлын бэлтгэлээ хангасан" гэв.
Улсын физикийн олимпиадыг анх удаа хувь хүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь энэ удаагийнх юм. Тодруулбал, энэхүү 37 дугаар олимпиадыг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын анхны физикч, багш Д.Цэрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Д.Цэрэн нь МУИС-ийн Физик-математикийн факультетын декан, Онолын физикийн тэнхимийн эрхлэгч байсан хүн юм. Тэрбээр физикийн олимпиад зохион байгуулах санааг анх гаргаж, анхны физикийн сурах бичгүүдийг зохиож байжээ.
Олимпиадад 250 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Тэднийг хүлээн авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж БШУГ-аас мэдээлэв. Мөн энэ өдрүүдэд аймаг орон нутгаа сурталчлах, зочдод соёлтой, чанартай үйлчилгээ үзүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагыг хамтран ажилларыг аймгийн удирдлага уриаллаа.