УВС: Гашууны голын далан сэтэрч, их хэмжээний ус алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өчигдөр 16:00 орчимд Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Гашууны голын далан хоёр хэсэгт задарч, их хэмжээний ус алджээ.
Энэ дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч нэг том оврын тусгай зориулалтын техникээр, Улаангом сумын ЗДТГ-ын 16 албан хаагч болон “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын 5 албан хаагч дөрвөн техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
Тэд шөнөжин ажиллаж, сэтэрсэн даланг боосон байна. Гэвч шар усны үерийн улмаас зарим айлын хашаа болон ногооны талбай руу ус оржээ.

