ДОРНОД: “Эмчийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 22 эмч БНСУ-д суралцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг хоёр жилийн өмнөөс “Эмчийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд орон нутгийн 124 сая төгрөгийн төсвөөр 22 эмч, мэргэжилтнийг БНСУ-ын Пусан их сургуулийн эмнэлэгт сургасан байна.
Харин энэ онд эрүүл мэндийн салбарт нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр эмнэлгийн хуучин барилгын их засварыг хийх бол аймгийн төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван байгууллагад түргэн тусламжийн авто машин, дэвшилтэт тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн эмч, сувилагч, иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Ташрамд, “Нутгийн ирээдүй” төслийн хүрээнд Дорнод аймаг 13 суманд төрийн албан хаагчдын орон сууцыг барьж байна. Одоогоор зургаан суманд долоон орон сууцыг ашиглалтад оруулж, таван сумын эрүүл мэндийн төвийн 14 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг орон сууцаар хангажээ.