ДОРНОД: Халх голын дайны эрэлхэг казах баатар М.Икей
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Халх голын хөвөөнд 2008 онд Монгол Улсын баатар М.Икейд зориулан гантиг чулуун дурсгал босгосон. Их бурхны өлмийг дэрлэн нойрсох М.Икей хэмээх эх орончийн тухай түүхийг ахмад буурлууд домог мэт ярьдаг. 1939 оны дайнд алс хязгаарын Баян-Өлгий аймгаас 14 казах иргэн сайн дураараа ирж дайнд оролцжээ. Тэдний дунд 24 настай Мазимын Икей Дандар баатрын удирдсан 6 дугаар дивизийн 15 дугаар морьт хорооны 4 дүгээр суманг захирч явжээ.
1939 оны 7 дугаар сарын 24-ний Гөлөгт манхны их тулаанд сумангаа удирдан нэмэлт хүч иртэл дайсныг тогтоон барьж чадсан баатарлаг эх оронч байсан юм. Гартаа сумны шархтай, дэлбэрэлтэд өртөн гэдэс нь цувж байхад бүсээрээ ороон давшиж тогтоон барьж чадсан тэр их гавьяаг нь Дорнодын эх оронч залуус хожим архивын материалуудыг цуглуулан хөөцөлдсөний үр дүнд 1979 онд буюу Халх голын ялалтын 40 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнуулжээ.