ДОРНОД: Ирэх 25 жилд Буйр нуур-Халх голын сав газрын агаарын температур 2.8 градусаар нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 20
/МОНЦАМЭ/. Ирэх 25 жил буюу 2050 он гэхэд Буйр нуур- Халх голын сав газрын
агаарын дундаж температур 0.9-2.8 градусаар нэмэгдэх төлөвтэй гэж судлаачид
үзжээ. Харин өнөөдрийн агаарын дундаж температурыг 63 жилийн өмнөхтэй
харьцуулахад 1.92 градусаар нэмэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд бүс нутаг болон сав газарт
уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, түүний үр дагавар онцгой мэдрэгдэх болсон.
Тиймээс энэ чиглэлийн судалгаа, хамгааллын ажлыг идэвхжүүлэх шаардлагатайг сав
газрын захиргаад, мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тухайлбал, Буйр нуурын эрэг,
Дэгээ гол дээр ус судлалын харуулыг шинээр байгуулж, Нөмрөгийн харуулыг
байнгын цахим ажиллагаатай болгох, Буйрын загасны үйлдвэрийн харуулын усан
гадаргын ууршлын багажийг автоматжуулах, Буйр нуурын усны тэнцэл,
дүрс зүй, усны биологи, загасны нөөцийн нарийвчилсан цогц судалгааг хийх
шаардлага хэдийн тулгараад байгаа юм.
Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан
ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшлын стандартаар Халх гол, Буйр нуурын сав
газарт ус судлалын 6-8 харуул ажиллах шаардлагатай. Энэ стандартыг хангаж байж
усны горим, нөөцийн ажиглалт хэмжилт, үнэлгээний нарийвчлалыг хангах боломжтой
болно. Одоогоор Халх гол, Буйр нуурын сав газрын гурван цэгт ус судлалын харуул
ажиллаж байна.