ДОРНОД: Нэг өрх сард хамгийн ихдээ 5-6 тонн ус хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт хүн амын тал нь аймгийн төвдөө оршин суудаг. "Дорнод НАА" ОНӨААТҮГ-ын тайланд, сард нэг өрх багадаа 1-2 тонн, ихдээ 5-6 тонн ус хэрэглэж байна гэж дурджээ. Тус байгууллага Чойбалсан хотын 894 ААНБ, гэр хорооллын 8000 өрхийн 30 гаруй мянган иргэн, орон сууцны 7790 өрхийн 53 мянган хэрэглэгчдийг цэвэр усаар хангаж ажилладаг. Тодруулбал, гүний дөрвөн худгаас хоногт 6240 м.куб ус олборлож, Төмөр шүүх станцаар усыг цэвэршүүлэн халдваргүйжүүлж байна. Энэ нь бусад -аймгийн төвтэй харьцуулахад усны хэрэглээ ихтэйд тооцогддог.
Дорнод аймгийн төвд 35 ус түгээх цэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 34 нь ухаалаг системд шилжиж, 24 цагийн турш картаар үйлчилж байгаа юм. Ус түгээх нэг цэг өдөрт дунджаар таван тонн ус түгээдэг бөгөөд нэг литр ус хоёр төгрөгийн үнэтэй.
Сонирхуулахад, Дорнод аймгийн төвийн цэвэр ус хангамжийн магистрал шугам 63,7 км үргэлжилдэг бол ариутгах татуургын 30,1 км шугам сүлжээгээр бохир шингэнийг татан зайлуулж цэвэрлэх, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлыг "Дорнод НАА" ОНӨААТҮГ гүйцэтгэдэг.