ДОРНОД: Хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.
Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, ИТХ-ын дарга Г.Цолмон нар АНУ-аас
Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
АНУ-аас өнгөрсөн хугацаанд Дорнод аймагт боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2013 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилттэй Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд Дорнод аймгийн Политехникийн коллежид дадлагын бааз байгуулж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангасан юм. Мөн “Зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг цогцоор нь хамгаалах” төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ малчин өрхүүдийн худгийн асуудлыг шийдвэрлэх, эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг дурдаж болно.
Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, өргөжүүлэх саналуудыг хэлэлцсэн юм. Ялангуяа дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, нийгмийн салбаруудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцож, үүнийг ажил хэрэг болгоход онцгойлох анхаарахаа Элчин сайд илэрхийлсэн байна. Тэрбээр Дорнод аймагт хоёр хоногийн хугацаатай ажиллаж, бизнес эрхлэгч, ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.