ДОРНОД: Бугуйл хаях ойроос наран манддаг Мэнэнгийн тал нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-18 20:04:03

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах хачин...” хэмээн Мэнэнгийн талын тухай шүлэглэсэн нь бий. 

Мэнэнгийн тал бол дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд оршдог бөгөөд монгол орны хамгийн том тэгш тал юм. Номхон далайн ай савд багтдаг, байнгын урсгалтай гол мөрөнгүй, газрын доорх усны нөөцтэй бүс нутаг.

Бэлчээрийн ургамал, зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн энэхүү тал нутаг Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай. 

Цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж энэ үеэр бүрддэг. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялганат хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд тун ач холбогдолтой юм.

Хил заагийн хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум бүхэлдээ, Сүхбаатар сумын зүүн урд хэсэг, Асгат сумын зүүн болон зүүн урд хэсэг, урд хэсэг, Дарьганга сумын зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн Матад сум бүхэлдээ, Халхгол сумын баруун хэсэг, Баянтүмэн сумын урд хэсэг, Булган сумын зүүн урд хэсгийг хамран нийт 53371,6 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршдог.


Related news