ДОРНОД: Эрт галавын үед үүссэн Сангийн далай нуур
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сангийн далай нууранд 1943-1976 онд Монгол, Зөвлөлтийн хими, геологийн арав гаруй эрдэмтэн судалгаа хийж байсан юм. Судалгааны явцад эрт галавын үед үүссэн нуур болохыг тогтоож байжээ.
Нуур хамгийн гүн хэсэгтээ 16 м-т хүрч, хожмын хувирлын дүнд 15 м хүртэлх зузаантай мөсөн шүү талстжиж тогтсон бөгөөд нуурын тогоон дахь лаг шавраас давсны нөөц баяждагийг судалгаагаар тогтоосон байна. Мөн нуурын усан дахь нэг эст замаг, элдэв хорхой гэх мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг. Хавар 4-6 дугаар сар, намар 9-11 дүгээр сард давс олборлоход сайн чанартай гардаг.
Геологичид Сангийн далай нууранд 220 мянган тонн хоолны давс, 5860 мянган тонн шүүний нөөц бий гэж үздэг. Мөн эрдэмтэд усан сангийн аргаар байгалийн цэвэр хоолны давс гарган авах, хурдас давсыг хэд хэдэн шат дамжуулан боловсруулах аргаар экстра давс гарган авч болохыг тогтоожээ. Сонирхуулахад, цельсийн 20 хэмийн дулаантай үед хоолны давс, 15-аас доош дулаантай үед хоолны давс, шүү холилдон талстждаг байна.
Дорнод
аймгийн Сангийн далай нуур нь Чойбалсан хотоос зүүн урагш 240 км, Вангийн
цагаан уулаас хойш 25 км-т бий. Зууван хэлбэртэй, урт нь 3.2 км, өргөн нь
2 км. Манай оронд 170 гаруй давстай нуур байдгаас хоолны
давс, шүүтэй томоохон нөөц ордын тоонд энэ нуур багтана.