ДОРНОД: Улсын физикийн олимпиад ирэх сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-17 16:48:56

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын физикийн 37 дугаар олимпиад дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дорнод аймагт болно. Энэ хүрээнд олимпиадын тугийг ЕБС-иудад аялуулж, сурагчид өөрсдийн бүтээлийг дэлгэн тавьж байна. Тухайлбал, өнөөдөр олимпиадын тугийг Хэрлэн сумын 12 дугаар сургуульд хүлээлгэн өгч, сурагчид “Гадаргуу ба гүний ус”, “Эзлэхүүн, температур, даралтын хамаарал”-ыг харуулсан бүтээлүүдийг хийснээ сонирхуулж байлаа.


Энэ удаагийн улсын олимпиадад 154 багш, сурагч оролцоно гэж БШУГ-аас мэдээлэв. Харин Дорнод аймгаас 15 багш сурагч оролцохоор бэлтгэж байна.


Улсын физикийн олимпиадыг анх удаа хувь хүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, энэхүү 37 дугаар олимпиадыг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын анхны физикч, багш Д.Цэрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Д.Цэрэн нь МУИС-ийн Физик-математикийн факультетын декан, Онолын физикийн тэнхмийн эрхлэгч байсан хүн юм. Тэрээр физикийн олимпиад зохион байгуулах санааг анх гаргаж, анхны физикийн сурах бичгүүдийг зохиож байжээ. 

Related news