ДОРНОД: “Монголын нууц товчоон”-ыг 1947 онд анх орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Монголын нууц товчоон”-ыг 1947 онд академич Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлж, хэвлүүлсэн нь өдгөө Дорнод аймгийн Төв номын санд хадгалагдаж байна. Тэрбээр XIII зууны эртний хэллэг, хятад галиг бүхий эх бичвэрийг орчин цагийн монгол хүн уншаад ойлгохуйц хэлбэрт анх удаа оруулсан юм.
БНМАУ 1940-өөд оноос кирилл бичигт шилжиж эхэлсэн ч “Монголын нууц товчоон”-ыг монгол бичгээр хэвлэсэн нь соёлын дархлааг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Түүнчлэн уг бүтээлийн онцлог нь түүхэн баримтаас гадна уран зохиолын яруу, тансаг найруулгыг голлон харуулсанд оршдог.
1940 оны сүүлээр монголчуудын үндэсний ухамсар сэргэсэн үе бөгөөд энэхүү ном хэвлэгдсэнээр айл бүр Чингис хааныхаа түүхийг уншиж, өв соёлоороо бахархах боломжтой болсон. Түүнчлэн “Чингис хааны есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн товчоон” зэрэг хэсэг энэ хөрвүүлгээр дамжин алдаршсан түүхтэй.
Мөн энэхүү номыг тухайн үеийн хэвлэлийн технологийн дагуу тод, монгол бичгээр хэвлэсэн нь өнөөдөр бичгийн соёлын үнэт дурсгал болж байна.