ДОРНОД: Агро парк байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт 100 га талбайд агро парк байгуулна.
Энэ хүрээнд ЦДАШ барих, техник тоног төхөөрөмж худалдан авахаар ажиллаж байгаа юм. Мөн дээрх байршилд БНСУ-ын “Kd Salor” компанитай хамтран 30 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй ухаалаг хүлэмж барихаар бэлтгэл хангаж байна. Цаашид хүн ам олонтой, төмс, хүнсний ногоо тариалах боломжтой сумдад агро парк байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж ХХААГ-аас мэдээлэв.
Дорнод аймаг 96.7 мянган.га тариалангийн зориулалт бүхий талбайтай. Өнөөдрийн байдлаар дээрх талбайг 13 иргэн, 43 хуулийн этгээд эзэмшиж, нийт талбайн 58 хувийг эргэлтэд оруулан ашиглаж байна. Аймгийн хэмжээнд 40 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, бүлэг, 1278 өрхийн тариаланч 352 га-д төмс, хүнсний ногоо тариалж, жилд дунджаар 2841 тонн ургац хураан авч байна. Төмсний 44 хувь, хүнсний ногооны 22 хувийг дотоодоосоо хангаж байна.
Энэ онд ХХААХҮЯ-наас жижиг, дунд үйлдвэрлэлийг
дэмжих зээлийг төмс, хүнсний ногоо тариалалт, агуулах, зоорь, хүлэмжийн аж
ахуй, даршилсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг
тодорхой чиглэлээр олгохоор хэлэлцэж байгаа юм. Аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Энэ жилийн хувьд
санхүүжүүлэх эх үүсвэр 5 тэрбум төгрөг байхаар салбарын яамнаас шийдвэрлэсэн нь
бидэнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол салбар болох хүнсний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх, өргөтгөх, чанаржуулах том боломж”
гэв. Дорнод аймаг үүнтэй холбогдуулах төсөл хүлээн авах үеэр зөвлөн туслах нэг
цэгийн үйлчилгээг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.