ДОРНОД: Энэ онд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд 50.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-13 19:21:44

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын 99 байгууллагад 1138 хүн ажиллаж байна. Үүний 224 нь их эмч, 312 нь сувилагч юм.


Энэ онд аймаг орон нутгаас эрүүл мэндийн салбарт 50.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байна. Өнөөдрийн байдлаар улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, авто машин, төсөл арга хэмжээнд нийт 31 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна гэж ЭМГ-аас мэдээлэв.


Түүнчлэн “Нутгийн ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор орон сууцаар хангах, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох зэрэг дэмжлэг үзүүлж байна. Одоогоор 167 оюутан тэтгэлэгт хамрагдаж, 66 нь төгсөж орон нутагтаа ажиллаж байгаа юм. Алслагдсан сум, багийн иргэдэд хүрч ажиллах “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”, ахмад настны өдрийн сувилал, суурь өвчтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж байна.


Цаашид эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нутагшуулах, иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм.

 

Related news