ДОРНОД: “Халх журам”-ын эх бичмэлийг алтаар бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-12 17:49:41

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Халх журам”-ын эх бичмэлийг алтаар бүтээсэн байдаг. Харин Дорнод аймгийн Төв номын санд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн 1963 онд эрхлэн хэвлүүлсэн хувилбар нь хадгалагдаж байна.


Энэхүү бүтээл нь XVIII зууны үе буюу 1709-1795 оны хооронд үе шаттайгаар нэмэгдэн батлагдсан 18 бүлэг дүрэм, журмыг багтаасан эмхэтгэл юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Халх Монголын нийгмийн харилцааг зохицуулж байсан томоохон хууль цаазын баримт бичиг бөгөөд монголчууд хууль цаазаа хэрхэн эрхэмлэн дээдэлж ирснийг илтгэн харуулдаг.

Тухайлбал, уг хуульд сүм хийд, лам нарын эрх дарх, мал аж ахуй, гэр бүлийн харилцаа, хулгай дээрэм, хил хязгаарын харуул хамгаалалтын асуудлуудыг нарийн заасан байдаг. Манж Чин улсаас Монголд өөрийн хуулиа тулгаж байсан тэр үед халхын ноёд дотоод хэргээ өөрсдийн “Монгол хууль”-аар зохицуулж байсны гэрч нь энэ бүтээл юм.


Жар гаруй жилийн өмнөх энэхүү хэвлэл нь тухайн үеийн Монгол Улсын шинжлэх ухааны томоохон ололт байсан байна. Учир нь хуучин монгол бичгээрх эх сурвалжийг тэр хэвээр нь хэвлэн гаргасан нь түүхийн үнэн бодит байдлыг хадгалах хамгийн найдвартай арга байсан гэж судлаачид үздэг.


Related news