ДОРНОД: Нийт нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-12 12:55:06

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөө шөнөөс Дорнод аймгийн нийт нутгаар цас орж эрс хүйтэрнэ. Энэ сарын 13-нд Матад, Халх голын сав газраар цас орж, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан, Матад, Халх голын сав нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, цасан шуурга шуурна.


Агаарын температур нэмэгдэх хандлагатай байгаа тул цас их орсон газруудын цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгааг ОБГ-аас анхааруулав. Тиймээс үерийн аюултай бүсээс нүүх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуу барих, өндөр хүчдэл, цахилгааны доор гэр, сууцаа барихгүй байхыг зөвлөлөө.


Өнөөдрийн байдлаар гол, нууруудын мөсний дундаж зузаан өмнөх арав хоногоос нуурууд 2-3 см нимгэрсэн, голууд өөрчлөлтгүй байна гэв. Тухайлбал, Хэрлэн голын мөсний дундаж зузаан 79 см, Улз голын мөсний зузаан 70-115 см, Халх голын мөсний дундаж зузаан 100-103 см, Буйр, Хөх нуурын мөсний дундаж зузаан 99-113 см байна. 


Related news