УВС: Хархираан бэл, Арсаа орчимд 3.7 магнитутын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-06 14:11:24

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө аймгийн төвийн ойролцоох Хархираан бэл, Арсаа орчимд 3.7 магнитутын хүчтэй газар хөдөллөө.

 

Газар хөдөлсөн хугацаа нь орон нутгийн цагаар 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 22 цаг 58 минут 27 секунд байлаа. 


Газар хөдлөлтийг орон нутгийн зарим иргэд, малчид сулхан чичирхийлэл хэлбэрээр мэдэрсэн бөгөөд одоогоор хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгө, малд учирсан хохирол бүртгэгдээгүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Газар хөдлөлт Тариалан сумын төвөөс хойд зүгт 14 км-т, Улаангом сумын төвөөс баруун урд зүгт 17 км-т, Түргэн сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т болсон байна.


Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн царцдас дахь тектоник хавтангуудын хөдөлгөөн, хагарал шилжилтээс үүдэн хуримтлагдсан энерги гэнэт чөлөөлөгдөх үед үүсдэг байгалийн үзэгдэл юм.

Энэ үед газрын гадарга чичирхийлж, долгион тархах бөгөөд уг чичирхийллийн хүчийг магнитудын шатлалаар хэмждэг. Магнитудын хэмжээ ихсэх тусам газар хөдлөлтийн нөлөө, учруулах хохирол нэмэгдэх эрсдэлтэй. Газар хөдлөлт 3–4 магнитуд байвал ихэвчлэн сул чичирхийлэл хэлбэрээр мэдрэгдэж, ноцтой хохирол учруулах нь ховор байдаг.


Related news