ДОРНОД: Сумдад сургууль, цэцэрлэгийн байрыг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 11-р багт улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай, 19 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн хүүхдүүд шинэ цэцэрлэг рүү шилжин орж байгаа юм. Үүний үр дүнд хуучин байрыг бага сургууль болгон засварласнаар “Шинэ хөгжил” цогцолбор сурууль гурван ээлжээр хичээллэж байсан асуудлыг давхар шийдэж байна.
Цэцэрлэгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Сүүлийн гурван жилийн хугацаанд Баянтүмэн, Сэргэлэн, Дашбалбар, Хэрлэн суманд 3 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулсан. Харин ирэх онд Хан-Уул цогцолбор сургуулийн бага сургууль, 11-р сургуулийн шинэ барилга, Булган суманд дотуур байр, Матад, Дашбалбар суманд 150 хүүхдийн цэцэрлэг барих ажил эхэлнэ” гэж онцлов.
Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 32 байгууллагад 6972 хүүхэд суралцаж байна. Стандартын дагуу бол дээрх 32 цэцэрлэгт 5925 хүүхэд сурах ёстой. Харин боловсролын байгууллагууд хамран сургалтыг нэмэгдүүлэхийн тулд мянга гаруй хүүхдийг хүлээн авч сургаж байгаа юм.