УВС: Бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэх шаардлагатай гэж Аудитын дүгнэлтэд дурджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 30
/МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас аймаг, сумдын Орон нутгийн
хөгжлийн сангийн 2024 оны хөрөнгийн зарцуулалт, хэрэгжүүлсэн төсөл, үйл ажиллагааны үр дүнд аудит хийсэн байна.
2024 онд аймгийн ОНХС-д 4,975.1 сая, сумдын ОНХС-д 8,094.0 сая, нийт 13,069.1 сая
төгрөг олгохоор баталж, гүйцэтгэлээр аймгийн ОНХС-д 4,800.5 сая, сумдын ОНХС-д
7,745.8 сая, нийт 12,546.3 сая төгрөгийг олгожээ.
Аудитаар аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлсэн 2,510.0 сая төгрөгийн гэрээний үнэ бүхий 41 төсөл, арга хэмжээний
хэрэгжилт дутуу байгаа нь тогтоогджээ. Мөн аймаг, сумдын орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 649.0 сая төгрөгийн 9 төсөл,
арга хэмжээний хүрээнд бий болсон хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд тусгаагүй
байна.
Түүнчлэн Удирдлагын
мэдээллийн системд 9 сум 204 төсөл, арга хэмжээний мэдээлэл дутуу оруулсан,
аймгийн ОНХС болон 5 сум 41 төсөл, арга хэмжээний мэдээллийг огт оруулаагүй,
Бөхмөрөн, Завхан сум Шилэн дансны цахим хуудаст мэдээлэл байршуулаагүй зөрчил илэрчээ.
Аудитаар нэг асуудлыг хууль хяналтын
байгууллагад шалгуулахаар шилжүүлж, 3,717.5 сая төгрөгийн 7 зөвлөмж, 415.4 сая
төгрөгийн 10 албан шаардлага өгчээ.