"Титаник"-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-11-20 12:17:00

НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг Их Британид дуудлага худалдаанд тавьсан байна. Уг зорчигч нь Эрнест Томлин гэдэг 21 настай, гуравдугаар ангиллын тасалгааны зорчигч бөгөөд тэрбээр Роуз хэмээх бүсгүйд сэтгэл алдарч шаналж байгаа тухайгаа бичсэн байжээ.


Захидлыг “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулна гэж “The New York Post” сонинд мэдээлсэн байна. 


1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд Английн Саутгемптон хотын боомтоос хөдөлсөн “Титаник” хөлөг онгоцонд суусан тэрбээр хэдэн цагийн дараа гэр бүлийнхэндээ таван хуудас захидал бичжээ. Энэ захидлыг Ирландын Куинстаун хотын нэгэн боомтоос шуудангаар илгээсэн байна. Томлин захидалдаа  Роуз гэдэг эмэгтэйд дурлан шаналж байгаа тухайгаа бичжээ.


"Хайрт ээж минь... Хэнд ч битгий хэлээрэй, гэхдээ би энд нэг сайн уйлж авахын тулд 24 цагийн өмнө ирсэн. Ингэвэл Роузыг минь буцаагаад авчрах ч юм шиг. Гэхдээ нулимс түүнийг минь авчирч дийлэхгүй биз дээ? Та нарыгаа орхиж байгаадаа харамсаж байна" гэж тэрбээр бичсэн байна. Томлин захидал бичсэнээсээ хойш гурав хүрэхгүй хоногийн дараа нас баржээ. Тэрбээр 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд "Титаник" хөлөг онгоц мөсөн уул мөргөж, живсний улмаас амиа алдсан 1500 зорчигчийн нэг юм.


Эрнест Томлины захидлыг түүний гэр бүлийнх нь гишүүд дуудлага худалдаанд тавьжээ. Дуудлага худалдаа энэ сарын 22-нд болох бөгөөд захидлыг 66 мянган ам.доллароос эхлэн үнэ хаялцуулах аж. 


"Эрнест зарим талаараа Леонардо ДиКаприогийн /Жэймс Камероны Титаник кино/ тоглосон Жек Доусонтой төстэй. Жек Доусон ч бас гуравдугаар зэрэглэлийн зорчигч байсан бөгөөд хөлөг онгоцон дотор мөрийтэй тоглож, Роуз гэдэг эмэгтэйд дурладаг" гэж “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордны мэргэжилтэн Эндрю Олдриж онцоллоо. 


Related news