Монгол, Солонгосын хооронд аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж байгааг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жүг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2024 оны байдлаар хоёр улсын иргэдийн харилцан зорчсон тоо 363 мянгад хүрсэн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дурдлаа. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаатай. Түүнчлэн хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцоллоо.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамны
Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл
өндөр хувьтай байгааг сайшаан, энэ нь ардчиллыг бэхжүүлж байна хэмээн онцоллоо.
Хоёр улс нь газар зүйн байршлын хувьд ойр төдийгүй иргэд хоорондын харилцаа
ойлголцол өндөр байдагт баяртай байна гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гадаадын
хөрөнгө оруулалтын эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ажиллаж байгааг дурдан
үүний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас сайн туршлагыг судлах олон зүйлс
байгааг уулзалтын төгсгөлд тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн
газраас мэдээллээ.