Талууд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг наймдугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэж, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн болох Сингапур Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Сайд Сим Анн ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтыг амжилттай зохион байгуулж буй монголын талд баяр хүргээд, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн талууд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.