“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-24 17:04:02

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн  эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэхээр боллоо.


Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.


Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Эрдэнэтийн зэс, молибдений ордын исэлдсэн хүдрийн үүсмэл ордыг түшиглэсэн катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн  эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгав.


Мөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар энэ оны наймдугаар сард Байгалийн баялгийн менежментийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршилд улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн явц байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Related news