Монгол, Лаосын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-21 08:09:03

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан нар энэ сарын 20-нд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Лаос Улс нь Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумыг (ФЕАЛАК) амжилттай даргалсанд баяр хүргэж, тус форумыг 2025-2027 онд Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн даргалах нэр хүндтэй үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлэв. Сайд Тонгсаван Фумвихан Лаосын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

 

Сайд нар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ирэх он жилүүдэд шат ахиулан хөгжүүлэхийн төлөө байгааг онцолж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр орны давуу тал бүхий бараа бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

 

Энэ хүрээнд тээвэр, логистикийг шийдэхийн чухлыг онцолж, Лаос Улсын Вьентьян хот болон БНХАУ-ын Кумминг хотыг холбосон төмөр замаар дамжуулан Монгол Улс Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байгааг тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх хууль эрх зүйн орчин бүрдсэн зэргийг онцлов. Мөн хоёр улсын аялал жуулчлал хөгжсөн бүс нутаг, аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоож, монголын үзэсгэлэнт байгаль бүрдсэн аймгууд болон Лаосын Луангпрабанг муж, Ванг Виенг муж зэрэгт аялал жуулчлалын хөтөлбөр зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.

 

Сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын их, дээд сургуульд олон арван лаос оюутан чанартай боловсрол эзэмшиж байгааг тэмдэглэж, цаашид ч энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын буцалтгүй тусламжаар байгуулсан “Лаос-Монголын Найрамдлын эмнэлэг” өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулдгийг онцолж, Монгол Улс Лаос Улсад эд материалын тусламжаас гадна эмч мэргэжилтнүүдээ илгээх хүмүүнлэгийн бүхий л талын дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

 

Сайд нар НҮБ, олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Related news