Даатгалын нөхөн төлбөр 18.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-21 09:55:26

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 245.5 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Харин даатгалын нөхөн төлбөрт 88.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 26 (18.2 тэрбум) хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Даатгалын хураамжийн орлогын 85.8 хувийг сайн дурын, 12.9 хувийг албан журмын, 1.3 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа юм. Нөхөн төлбөрийн 70.2 хувийг сайн дурын, 27.7 хувийг албан журмын, 2.1 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлжээ. 


Даатгалын нөхөн төлбөрт энэ оны 2 дугаар улиралд 39.1 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 


Эхний хагас жилд даатгалын хураамжийн орлого 2024 оны мөн үеийнхээс 23.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд:

  • гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 12.9 тэрбум төгрөгөөр,
  • авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 7.5 тэрбум төгрөгөөр,
  • агаарын хөлгийн даатгалын хураамжийн орлого 5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 3.6 тэрбум, мал амьтдын даатгалын хураамжийн орлого 581.1 сая төгрөгөөр багассан байна. 


Хураамжийн нийт орлогын 28.6 хувийг авто тээврийн хэрэгслийн, 19.8 хувийг гэнэтийн осол, эмчилгээний, 13.5 хувийг хөрөнгийн даатгал эзэлсэн аж.


Нөхөн төлбөр эхний хагас жилд 2024 оны мөн үеийнхээс 18.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд:

  • гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 9.1 тэрбум төгрөгөөр,
  • агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 7.2 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр,
  • авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 2.8 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.

Хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 2.2 тэрбум төгрөгөөр, зээлийн даатгалын нөхөн төлбөр 2024 оны мөн үеийнхээс 1.8 тэрбум төгрөгөөр багассан аж.


Ердийн болон урт хугацааны даатгал 23 хэлбэртэй. Түүнээс “жолоочийн хариуцлагын даатгал” албан журмынх байдаг.


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж энэ оны хоёрдугаар улиралд 27.3 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт даатгалын хураамжийн орлогын 11.1 хувь юм.


Харин олгосон нөхөн төлбөр 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.9 хувийн өсөлттэй бөгөөд 24.4 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт нөхөн төлбөрийн 27.7 хуувийг эзэлжээ. Даатгалын нийт нөхөн төлбөрийн хувьд:

  • 25.3 хувь авто тээврийн хэрэгслийн даатгал,
  • 24 хувь жолоочийн хариуцлагын даатгал байна.

Даатгуулагчдын гэрээний тоо энэ оны эхний хагас жилд 922.7 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 83.8 мянгаар бага байна.


Зуучлагчдын төвлөрүүлсэн даатгалын болон давхар даатгалын хураамж 81.3 тэрбум төгрөгт хүрсэн аж. Харин тэдний шимтгэлийн орлого 2024 оны мөн үед 13.5 тэрбум төгрөг байснаас 22 хувиар нэмэгджээ.  

Related news