Дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 15 /NHK/. Япончууд өнөөдөр Дэлхийн II дайн дууссан өдрийг тэмдэглэж байна. 1945 оны наймдугаар сарын 15 бол тус улс бууж өгснийг олон нийтэд мэдэгдсэн өдөр юм. Эзэн хаан Нарүхито хэлсэн үгэндээ, дайны үеэр болон дайны дараа тохиолдсон зовлон зүдгүүрийн талаарх түүхийг хойч үедээ уламжлан дамжуулсаар байх болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Токио хотноо болсон Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үндэсний ёслолд 4000 гаруй хүн оролцсоны дунд уй гашууд автсан ар гэрийнхэн нь байлаа. Амиа алдагсдын 2.3 сая орчим нь Японы эзэн хааны армийн цэргүүд болон бусад хүмүүс байв. Түүнчлэн 800 мянга орчим энгийн иргэн амиа алджээ. Ёслолд оролцогчид үд дундын үед дуугүй зогсож, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.
Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар мөн
нас барагсдын төлөө залбирчээ. Эзэн хаан хэлэхдээ “Дайн дууссанаас хойш 80 жил өнгөрч байна. Ард түмний
тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд манай улс өнөөдөр амар амгалан амьдрал, хөгжил
цэцэглэлтийн үр шимийг хүртэж байна. Хүнд хэцүү үеийн эргэн дурсахдаа би асар их уй гашууд автдаг. Бид дайны үеэр
болон дайны дараа тохиолдсон зовлон зүдгүүрийн талаарх түүхийг хойч
үедээ үргэлжлүүлэн дамжуулж, ирээдүйд энх тайван, ард түмний аз жаргалыг
эрэлхийлэхийн тулд оюун санааны нэгдмэл байдлаа хадгална гэдэгт миний бие найдаж байна” гэв.
Ерөнхий сайд Шигэрү Ишиба хэлэхдээ, 80 жилийн өмнө болсон явдлыг хүмүүс мартаж болохгүй хэмээгээд, “дайны талаар огт мэдэхгүй үеийнхэн одоо хүн амын дийлэнх
хувийг эзэлж байна. Бид хэзээ ч дайны аймшигт явдлыг давтах ёсгүй. Дахиж хэзээ ч буруу замыг сонгох
ёсгүй. Одоо бид тэрхүү дайны
харамсал, сургамжийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий шингээж үлдээх ёстой. Хэчнээн
цаг хугацаа өнгөрсөн ч бид дайны гунигт дурсамжийг өвлүүлэн үлдээх болно. Дайны
гашуун дурсамжийг бид хойч үедээ үлдээж, мөнхийн энх тайвны төлөө хүчин чармайлт тавих ёстой” хэмээн хэллээ.
Амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдөөс уг ёслолд оролцсон хүмүүсийн дийлэнх нь 80-аас дээш насны хүмүүс байгаа юм. Түүнчлэн 18 нас хүрээгүй төрөл төрөгсөд нь мөн уг арга хэмжээнд оролцсоноор дайны үеийн зовлон зүдгүүрийн талаарх сургамж түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх боломжтой.