Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га нутаг дэвсгэрт анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг хийж, газар шорооны ажил төлөвлөгөөний дагуу дуусах шатандаа оржээ.
Сэлбэ хот төслийн гэр хорооллыг орон сууцжуулах цогц хороолол барих “Багц 1” ажлын хүрээнд ургамлын үе хуулах, түр зам, хашаа барих ажлыг хийж байна. “Багц 2” ажлын хүрээнд ургамлын үе хуулах ажил үргэлжилж байна. Мөн холбоо, дохиоллын шугамыг буулгах шилжүүлэх ажил 95 хувь, цахилгааны шон буулгалт 40 хувийн гүйцэтгэлтэй явна. Түүнчлэн “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний тендерийг зарлаж, 2025-8-1-нд нээснийг НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлжээ.
Тус төслийн ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажил гүйцэтгэх “Багц 1”, “Багц 2” ажлын гэрээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрсний усны түвшнийг бууруулах, ус зайлуулах байгууламжийн ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Сэлбэ дэд төвд гүний дулааныг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэж байгаа аж.