Д.Трамп: Путинд өгсөн 10 хоногийн хугацаа 29-нөөс эхэлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-30 11:00:38

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 30 /DW/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Украины асуудлаар тохиролцоонд хүрэхэд өгсөн 10 хоногийн хугацаа 7 дугаар сарын 29-нд эхэлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ингэснээр уг хугацаа наймдугаар сарын 8-нд дуусах юм. 


Мягмар гарагт буюу өчигдөр тэрбээр Шотландад хийсэн таван хоногийн айлчлалаасаа Вашингтон руу буцах замдаа “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “10 хоногийн хугацаа өнөөдрөөс эхэлсэн” гэж хэлжээ. 


Д.Трамп өмнө нь 7 дугаар сарын 14-нд В.Путинд 50 хоногийн хугацаа өгсөн бөгөөд 9 дүгээр сарын 2-нд дуусах ёстой байсан юм.


"Бид татвар болон бусад арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь Орост нөлөөлөх эсэхийг би мэдэхгүй, учир нь Путин дайнaa үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бололтой" гэж Д.Трамп хэлсэн байна.


Д.Трампын зөвлөхүүдийн үзэж байгаагаар, энэ удаад ОХУ-аас түүхий эд, тухайлбал, газрын тос худалдан авч буй орнуудад хоёрдогч татвар ногдуулж магадгүй байна. Энэ арга хэмжээ нь Хятад, Энэтхэг зэрэг улсуудад нөлөөлж болзошгүй гэж dpa агентлаг мэдээлжээ. 


Өмнө нь Д.Трамп даваа гарагт хэлэхдээ, Украины асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд "би өнөөдрөөс эхлэн 10 эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтооно. Хүлээх шалтгаан байхгүй" гэж мэдэгдсэн юм. 

Related news