БАЯН-ӨЛГИЙ: “Цахим аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-07 15:35:29

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбекээр ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа.


Ажлын багийнхан аймгийн Засаг дарга Е.Зангартай уулзалт хийж, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн “Цахим аймаг” хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлэх болон гарах үр дүнгийн талаар санал солилцож, танилцуулга хийв.

 

Мөн lavlagaa.mn, tulbur.gov.mn зэрэг цахим системийг тус аймагт анх удаа нэвтрүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын явц, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.

 

Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор shilen.gov.mn нээлттэй мэдээллийн систем болон бусад эх сурвалжуудаар дамжуулан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

 

Уулзалтын үеэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж буй цахимжилтын ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын зорилтын талаар танилцуулга хийж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Related news