SCMP: Ши Жиньпин БРИКС-ийн уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-25 15:07:48

ХОНКОНГ, 2025 оны зургаадугаар сарын 25 /SCMP/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Бразилын Рио-де-Жанейро хотноо ирэх сард болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй хэмээн шийдсэн тухай "South China Morning Post" (SCMP) сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ. 


Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүмүүсийн мэдээлснээр, уулзалтад оролцох Хятадын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян тэргүүлнэ гэдгийг Хятадын тал Бразилын засгийн газарт мэдэгдсэн байна. 


Ши Жиньпин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг алгасахаар болсны шалтгааныг тэрбээр Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силватай жил хүрэхгүй хугацаанд хоёр ч удаа уулзсантай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, Ши Жиньпин Бразилын Ерөнхийлөгчтэй өнгөрсөн оны 11 дүгээр сард Бразилд болсон "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр, дараа нь энэ оны тавдугаар сард Бээжинд зохион байгуулагдсан “Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын ажиллагааны форум”-ын үеэр дахин уулзсан юм.


Дээрх мэдээллийг БНХАУ-ын эрх баригчид одоогоор албан ёсоор батлаагүй байна.



Related news