Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-11 17:01:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. 


Уг мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулж байна.


“Бодь сэтгэл, билиг ухаанд шамдагч бурханы шашинтнууд аа,

Энх тайван, амар амгаланг эрхэмлэгч лам хуврагууд аа,

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүхэнд арвандолоодугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын шинийн арван тавны өлзий бэлгэтэй Бурхан багшийн их дүйчин өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Сорилт бэрхшээл, нүгэл хилэнцээс ангижирч, аз жаргал, амар амгаланг олох хүн төрөлхтний оюун санааны эрэл хайгуулын түүхэнд мөнхөрсөн сэтгэгчдийн нэг нь буддын шашин соёлыг үндэслэгч Шакхьяамүни, монголчууд бидний нэрлэж заншсанаар Бурхан багш билээ.


Буддын гүн ухаан бол монголчуудын аливааг шүтэн барилдлага, шалтгаалцлалын холбоонд нь авч үздэг сэтгэлгээний хэв маягтай нийцдэг хэмээн судлаачид үздэг. Тийм ч учраас монголчууд эртнээс бурхан багшийн сургаал, бурханы шашныг нүүдлийн соёл иргэншлийнхээ хөрсөнд нийцүүлэн хөгжүүлж, шалтгаан, нөхцөлөөс үр дагавар гарч, үйлээс үр боловсордог тухай гүн ухааны үзлийг нь дэмжин хөгжүүлж, олон зуун боть бүтээл туурвисан түүхтэй юм. Монгол төр шашны нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үүргүүдийг чухалчлан үзэж, монголчуудын оюун санаа, өв соёлын шимт хөрсөнд тэжээгдэн боловсорсон уламжлалт бурханы шашин соёлыг сэргээн хөгжүүлэхэд анхаарч ирсэн уламжлалтай.


Энэрэн нигүүлсэхүйг сургасан Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр барьсан гурван үйл давхацсан энэ өдрийг энхийг эрхэмлэгч олон орон ёслон тэмдэглэдэг бөгөөд 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. Монгол Улс бурханы шашны тэмдэглэлт энэ өдрийг 2019 онд нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилж, өнөөдөр 6 дахь жилдээ бүх нийтээрээ тэмдэглэж байна.

Бурхан багшийн их дүйчин өдөр бол бурханы шашинтнуудын ёс суртахууны баярын өдөр юм. Тийм учраас энэ өдөр бурханы шашны лам хуврагууд сүсэгтэн олондоо сэтгэл оюун, үг яриа, явдал мөрөө  цэгнэж, бие, хэл, сэтгэлээ эерэг зөвд хандуулахад урьж, нэг өдрийн сахил хүртээдэг уламжлалтай.


Монголчууд бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээрээ сайн үйл үйлдэж, сайхан үг хэлэлцэж, нийгмийг энэрэл хайр, асрал нигүүлсэлд уриалан дууддаг өдөр болгон хэвшүүлж байгааг Төрийн тэргүүн талархан дэмжиж байна.

Техник технологийн үсрэнгүй хөгжил, дайн тулаан, зөрчил тэмцэл, байгаль экологийн асуудлууд зэрэгцсэн энэ цаг үед ард түмнийхээ ёс суртахууны боловсролыг дээшлүүлэх, энэрэн нигүүлсэхүйд сургах, эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэхэд бурхны шашны лам хувраг, сүсэгтнүүд манлайлах учиртай. 


Бурханы шашны энх тайвныг эрхэмлэсэн, мэдлэгт суурилсан, шинжлэх ухаантай хорших үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч ямагт дэмжих болно. Монголын бурханы шашны байгууллагууд нийгмийг соён гэгээрүүлэх, сүсэгтэн олныхоо ёс суртахууныг дээшлүүлэх, тэдэндээ сэтгэлийн амар амгаланг эдлүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сахил мэт чандлан биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх


Улаанбаатар хот, 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

 

Related news