Клингендал академийн захирал, профессор Рон Тонд “Алтан гадас” одон гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Нидерландын олон улсын харилцааны Клингендал академитай хамтран ажиллаж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан тус академийн захирал, профессор Рон Тоныг “Алтан гадас” одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан байна.
Шагналыг Монгол Улсаас Нидерланд Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд энэ сарын 13-нд Клингендал академийн захирал, профессор Рон Тонд Гааг хотноо гардуулав. Профессор Рон Тон нь тус академийн захирлаар ажиллахдаа Клингендал академи, Төв Ази болон Монгол Улсын бүсийн хамтын ажиллагааны төслийг санаачлан эхлүүлж, өдгөө Монгол Улсын 120 гаруй дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамруулсан аж.
Элчин сайд Л.Болд Монгол Улсын төрийн дээд одон медаль "Алтан гадас" одонгоор шагнуулсанд баяр хүргэж, Клингендал академид суралцан төгссөн манай залуу дипломатууд салбартаа үр бүтээлтэй ажиллаж буйг тэмдэглэв. Профессор Рон Тон Монгол Улсын төрийн дээд одон медаль хүртсэнд талархал илэрхийлээд, уг хөтөлбөрийг 30 жилийн хугацаанд үр дүнтэй, тасралтгүй хэрэгжүүлж ирснийг онцлоод хамтын ажиллагаагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэв.