СЭЛЭНГЭ: Татварын орлогын төлөвлөгөөг 101.8 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-09 09:17:18

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт "Татвар төлөгчдийн өдрүүд-2025" үйл ажиллагаа “Зөвлөн туслах татварын алба” уриан дор үргэлжилж байна.

 

Тус аймгийн Татварын газар 2024 оны улс, орон нутгийн төсөвт 93,9 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэн татварын орлогын төлөвлөгөөг 101,8 хувиар давуулан биелүүлжээ.

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд 17 сум, 6 тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Татварын хууль тогтоомжийг сурталчлах “Татварын ач тус” сургалтыг зохион байгуулж, сургалтын чанар, агуулга, зохион байгуулалт, үр өгөөжийн талаар санал, сэтгэгдлийг нь авч байна.

 

Энэ нь тус байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулах, цаашдын сургалтыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгоход чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа юм.

 

Энэ ч үүднээс хяналт шалгалтаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хамтран хөгжих чиглэлийг түлхүү баримталж байна. Ингэснээр татвар төлөгчдөд илүү ээлтэй, ойлгомжтой орчин бүрдэх юм.

 

Сэлэнгэ аймгийн Татварын газраас 4 гол зүйлд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байгаа хэмээн тус газрын дарга Ц.Лхагвадорж ярилаа.


Тухайлбал, 1-рт зөвлөн туслах үйлчилгээнй хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан татварын сургалт, уулзалт, нээлттэй өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж байна. Цахим болон танхимаар, утасны зөвлөгөө, гарын авлага, брошюр зэрэг олон сувгаар мэдээ, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлжээ.

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 25,300 гаруй иргэн, 5400 гаруй аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь татварын тайлангийн алдаа, зөрчил буурахад эерэгээр нөлөөлсөн байна.

 

2-рт Цахим шилжилт, ил тод байдлын хүрээнд Татварын тайлан, төлбөр тооцоог цахимаар гаргах нөхцөлийг нэмэгдүүлж, албан хаагч, иргэдийн хоорондын харилцааг ил тод, шуурхай болгожээ.

 

Etax.mta.mn системийн хэрэглээг аймаг, сумын хэмжээнд нэмэгдүүлэх, иргэдийг цахим үйлчилгээ ашиглах чадварт сургах чиглэлээр арга хэмжээ авсан байна.

 

3-рт Эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал хяналт шалгалтыг эрсдэлд суурилан төлөвлөж, санамсаргүй алдааг шийтгэхээс илүүтэй урьдчилан анхааруулах, засах боломж олгож байна.

 

4-рт Хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр орон нутгийн төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, татвар төлөгчдийн төлөөлөлтэй хамтран татварын боловсрол олгох ажлыг өрнүүлжээ.

 

Татвар бол зөвхөн төлөх үүрэг бус, эх орноо хөгжүүлэх боломж юм. 

Related news