Сар шинийн баяраар гэрээ эзэнгүй орхихдоо цахилгаан хэрэгслээ сайтар шалгахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-24 14:54:21

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан холбогдох албаныхан нийслэлийнхэнд дөрвөн чиглэлээр сэрэмжүүлэг хүргэлээ.


Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар ярихдаа, “НОБГ-аас түгээмэл тохиолддог обьектын гал түймэр, гол ус мөрний даах чадвар нимгэрсэн үед дөтлөх замаар явж эрсдэл орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гал түлж орхих, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж эд хөрөнгөө хямгадах хэрэгтэй. Ялангуяа гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ салгаж, аюулгүй байдлаа хангах нь чухал байна. Иргэд зул барьсан хэрнээ тэр чигээр нь орхиод гарах тохиолдол байдаг. Үүнд анхаараасай” гэв.


Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймэр, гамшиг ослын 6750 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 48.6 хувийг гэр хороолол, 28.5 хувийг нийтийн орон сууц, барилга байгууламжид гарсан гал түймэр тус тус эзэлж байна. Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амиа алдсаныг албаныхан мэдээлэв. Харин сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүний 90 хувь орчим нь иргэдийн хувийн өмч хөрөнгөд үүссэн хохирол эзэлж байна. 






Related news