Гадаад харилцааны яам, ӨМӨЗО-ы Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн VI хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-17 09:35:18

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн VI хуралдаан Хөх хотноо энэ сарын 16-нд болов.


Хуралдаанаар талууд Монгол, Хятадын хилийн боомт, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хөрөнгө оруулалт, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хэлэлцсэн асуудлуудаар протокол байгуулав. Талууд цаашид цаг үетэйгээ нийцүүлэн шинэ хандлага, шинэ хэлбэрээр ажиллаж, илүү прагматик хамтын ажиллагааг хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцов. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны механизмыг хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэх индэр байлгахаар санал нэгдэв.


Ээлжит хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинь нар даргалж, хоёр талын хилийн боомт, гааль, байгаль орчин, боловсрол болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов. Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит хуралдаан Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын өдөр зохион байгуулагдсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлын улмаас 6 жилийн дараа биечлэн уулзсан аж.

 

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2011 онд Хөх хотод, хоёрдугаар хуралдаан 2013 онд Улаанбаатар хотноо, гуравдугаар хуралдаан 2016 онд ӨМӨЗО-ы Хөх хотод, дөрөвдүгээр хуралдаан 2018 онд Улаанбаатар хотноо, тавдугаар хуралдаан 2022 онд протокол солилцох хэлбэрээр тус тус зохион байгуулжээ.


Related news