Дэлхийн шилдэг 10 кино Монголын үзэгчдэд хүрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-13 17:02:27

Дэлхийн сор болсон артхаус кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино урлагийн хөгжлийг дэмжих зорилготой 8 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадам энэ сарын 11-14-нд  Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Кино наадмыг МУЗ, Францын ЭСЯ-тай хамтран, БНСУ-ын ЭСЯ, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй зохион байгуулж байгаа юм.

Тус наадамд дэлхийн шилдэг Канн, Берлиний Олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайваний 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулж байна.

Олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг энэ сарын 13, 14-нд үзэгчдэд хүргэнэ. Тухайлбал, өнөөдөр 22:25 цагт Ираны найруулагч Асгхар Фархадийн "Худалдаачин" уран сайхны кино, маргааш 22:45 цагт Их Британийн найруулагч Кен Лоучийн "Би Даниел Блейк" уран сайхны киног толилуулах юм.

Харин маргааш Тайваний найруулагч Хоу Сиао Сиений бүтээл “Хөлсний алуурчин”, 2016 оны Каннын Олон улсын кино наадмын Directors’ Fortnight хэсэгт шалгарсан, найруулагч Солвейг Анспачын “Хамтдаа төсөл”, найруулагч Шарбано Садатын бүтээл "Чоно ба хонь" уран сайхны кино Тэнгис кино театрт үзэгчдийн хүртээл болно.

Ж.Болор

Related news