Багш нар сурагч ахуй цагаа дурслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-05 16:23:23

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдэл, Сурагчдын зөвлөл хамтарч “Сурагчийн нэг өдөр” хэмээх арга хэмжээг 10 дугаар сарын 05-нд зохион байгууллаа.

Багш нар 13А, 13Б, 13 В  гэсэн гурван ангид хуваарилагдаж, гаднаас нэгэн цуваагаар ангидаа цугларсан бөгөөд  эхний цагтаа бага ангийн багшаар хичээл заалгасан бол, хоёрдугаар цагт биологи, гуравдугаар цагт нөхөн үржихүй, дөрөвдүгээр цагт дуу хөгжмийн хичээл заалгаж, Үдийн цай уув.

Ангийн хөвгүүдээс охидуудад зориулан үерхлийн захиа дамжуулж, нийтийн бүжиг дээр захианыхаа хариуг авсанаас гадна  зарим хөвгүүн коридорт охидыг өдөж сюрприз барьжээ.

Харин бүх багш нарын оронд тус бүр нэг сурагч хичээлийг нь заасан төдийгүй зарим сурагч хичээлийн эрхлэгч, захирлын ажлыг хийгээд амжив.

Ийнхүү багш нар дүрэмт хувцастай сурагч ахуй насаа дурсан санасан бол сурагчид багш нарын ажлыг хийж Монголын багш нарын баярыг хамтдаа, хөгжилтэй, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн  тэмдэглэлээ.

Х.Эрдэнэбулган

Related news