ДОРНОГОВЬ: Говь нутгийн онцлогийг харуулсан гэр үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-25 10:45:46

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестивалийг энэ оны есдүгээр сарын 19-20-нд зохион байгуулсан. Энэ үеэр говь нутгийн соёлын өвийн онцлогийг харуулсан гэр үзэсгэлэнг таван өртөөнд хувааж олны хүртээл болголоо.


Өөрөөр хэлбэл гурван сум нийлээд нэг өртөө болох бөгөөд Даланжаргалан, Дэлгэрэх зэрэг сум язгуур урлаг, дуу хуураар олныг хөгжөөж, өөрсдийн онцлог соёлын өвийг иргэдэд сурталчилсан юм. Дараагийн өртөө нь соёлын үнэт өв бичиг дурсгал болон нүүдэлчдийн ахуй амьдралын онцлогоос буй болсон гар урлал, мал маллагааны арга туршлага, малчдын эдлэл хэрэглэл бусад уламжлалт соёл зэргээр үргэлжилсэн байна.


Зорин ирсэн хүмүүс тус гэрүүдэд зочилж говь нутгийн онцлог, соёлын биет болон биет бус өвийн тухай танин мэдэж, уртын дуунаас өгсүүлээд гэрийн ерөөл, найрын ерөөл зэрэг соёлын биет бус өвийн ай савд багтах олон язгуур өвийн төрлийг нутгийн ардын авьяастнуудын хоолойгоор үзэж сонирхсон юм.


Тухайлбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум ардын аман зохиол, хууч яриагаар бусдаас ялгарах бол, Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан сум боржигины өв соёлыг уламжилж иржээ. Ташрамд, Тэнгэрийн хутагтфестивалийг 25000 орчим иргэн зорин ирж үзэж сонирхсон бол нийт 1200 орчим төрийн албан хаагч зохион байгуулалттайгаар оролцжээ.







 

Related news