ӨВӨРХАНГАЙ: Аймгийн шав тавьсан газар хоёр гэрэлт хөшөө босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-18 18:50:58

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн анхны шав тавьж, тулгын чулуугаа тулсан газар нь одоогийн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Тус газарт аймгийн түүхт ойгоор хоёр удаа гэрэлт хөшөө босгож байв.


Тодруулбал, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Баянхонгор аймгаас 10 орчим км зайд орших “Түйн голын цагаан эрэг” хэмээх газар Өвөрхангай аймгийг төвлөрүүлэн байгуулсан түүхтэй. 


Аймгийн ИТХ, ЗДТГ-аас анхны шав тавьсан газарт 2006 онд гэрэлт хөшөөг байгуулжээ. Улмаар 2011 онд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор 48 квадрат метр талбайг засаж, хоёр сая гаруй төгрөгөөр тохижуулж байсан бол 2021 онд 90 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн төсвийн 30 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр гэрэлт хөшөө босгосон юм.


Өвөрхангай аймгийг 1934 онд одоогийн Арвайн хүрээ буюу Арвайхээр сумын нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлсэн түүхтэй байдаг юм. 





Related news