БАЯН-ӨЛГИЙ: "Дэлхийн өв Цагаан салаа-Бага Ойгорын хадны зураг" номыг Номын санд хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-18 11:14:30

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Соёлын яамны харьяа Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанд бүтээсэн "Дэлхийн өв Цагаан салаа-Бага ойгорын хадны зураг" номыг Баян-Өлгий аймгийн Төв номын санд хүлээлгэж өглөө.


Тус номыг Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дарга, түүхийн ухааны доктор (Ph.D) Б.Өмирбек зохиож, Соёлын яамны харьяа Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн  эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажиллажээ.


Бүтээлд Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн судалгааны тойм, ангилал, он цагийн хамаарал, дүр дүрслэл, сэдэв зохиомж, дэлхийн өвийн дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтын менежмент төлөвлөгөө, Цагаан салаа-Бага Ойгор дахь бусад төрлийн археологийн өвийн талаар дэлгэрэнгүй дурдсан байна.


Цагаан салаа-Бага ойгорын хадны зургийн цогцолбор нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Бага Ойгор, Цагаан салаа голын савд байрладаг. Нийт хадны зургийг Цагаан салаа 1-5, Бага Ойгор 1-5 гэсэн 10 хэсэг болгон хувааж бүртгэн тэмдэглэсэн байна.


Судлаачид хадны зургуудыг 2000 орчим ургаа хад болон бул чулууны гадаргуу дээр сийлсэн болохыг тогтоожээ. Нэг бул чулуун дээр дунджаар 1-180 орчим зураг, дүрс сийлсэн байгаа бөгөөд тус цогцолбор газарт ойролцоогоор 75 000 – 100 000 хүртэл зураг, дүрс байна хэмээн тооцоолсон ажээ. 

Related news