Дөрөвдүгээр сарын спорт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 10:55:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сар бол Монголын тамирчдын хувьд онцгой сар.


Учир нь, хэд хэдэн чухал тэмцээн хүлээж буй. Ялангуяа чөлөөт бөх, буудлагынхан олимпын эрхээ нэмэгдүүлэх дайралтаа хийнэ. Тиймээс дөрөвдүгээр сард Монголын спорт сонирхогчид баяртай, харамсалтай мэдээ цөөнгүй сонсох биз. Дөрөвдүгээр сард болох томоохон тэмцээний товч мэдээлэл хүргэе.


Чөлөөт бөх

2024.04.11-16: Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болно.

2024.04.19-21: Азийн аварга дууссанаас хойш гурав хоногийн дараа “Парис-2024” олимпын эрхийн тэмцээнтэй.


Буудлага

2024.04.11-20: Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод буудлагын дэлхийн цомын тэмцээн болно. Энэ нь “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн юм.




Жүдо

2024.04.08-10: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт болно. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид 2024-2025 оны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах юм.

2024.04.20-23: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болно.




Бокс

2024.04.6-7: Монголын боксын холбооноос зарим жинд Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын дунд сорил явуулахаар шийдвэрлэсэн. Сорилд ялсан нь ирэх сард Тайландыг зорьж, олимпын эрхийн сүүлийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Уг сорил Хандгайт дахь “Олимп” цогцолборт энэ амралтын өдрүүдэд болох хуваарьтай бөгөөд 63.5 кг-д Э.Цэндбаатар өрсөлдөнө. 




Хүндийг өргөлт

2024.04.1-12: Тайландын Пукет хотод хүндийг өргөлтийн дэлхийн цомын тэмцээн ид үргэлжилж байна. Энэ нь Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд гэдгээрээ онцлогтой.  Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 76 кг-д О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин, 59 кг-д Э.Энхтамир нар өрсөлдөж байна.




Сагсан бөмбөг

2024.04.03-07: Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигт оролцох эрхийн төлөөх Зүүн Азийн урьдчилсан шатны тэмцээний нэгдүгээр шат Монголд болж байна. Найман баг өрсөлдөх энэхүү тэмцээнд Монголын Үндэсний дээд лигийн хоёр баг анх удаа оролцож байгаа юм. Тэмцээний хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 23-26-нд Индонезын Жакарта хотод болно.

3х3 сагсан бөмбөг

2024.04.12-14: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Олимпын эрхийн эхний тэмцээн Хонконгт болно. Уг тэмцээнээс зөвхөн эхний гурван байрт шалгарсан баг эрхээ авах юм




Цахим спорт

2024.04.23-05.12: ESL-ээс зохион байгуулдаг хамгийн том мэргэжлийн лигт Монголын The MongolZ баг Ази тивийг төлөөлөн оролцоно.

2024.04.03-22: Азийн чэлленжер лигийн сүүлийн тойргийн тоглолтууд дөрөвдүгээр сард болно. Тэмцээнд Монголын дөрвөн баг оролцож байна.

2024.04.03-14: Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд найман баг оролцоно.

Related news