Домогт гурван сагсчин тэрбумтнуудын эгнээнд багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-03 09:30:49

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /РИА Новости/. Форбес сэтгүүлээс гаргадаг “Хамгийн чинээлэг оддын жагсаалт”-ын гуравдугаарт Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ 6 удаагийн аварга Майкл Жордан бичигджээ.


Тамирчин, хөгжимчин, кино найруулагч, дуучин зэрэг олны танил 14 хүн багтсан  уг жагсаалтыг “Оддын дайн” уран зөгнөлт киног бүтээсэн продюсер Жорж Лукас тэргүүлсэн бөгөөд түүний хөрөнгө 5,5 тэрбум доллароор хэмжигдэж байна. Түүний ард найруулагч Стивен Спилберг /4,8 тэрбум/ бичигджээ.

 

Харин "Чикаго Буллз" багт тоглож байсан домогт сагсан бөмбөгчин М.Жордан 3,2 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд 2015 онд тэрбээр тамирчдын дотроос хамгийн түрүүнд тэрбумтан болжээ. Тухайлбал, алдартай брэндүүдтэй түншилснээр 1,8 тэрбум долларын орлого олсон байна. 2010 онд тэрбээр ҮСБХ-ны “Шарлотт Хорнетс” багийг 175 сая доллароор худалдан аваад 13 жилийн дараа 3 тэрбумаар заржээ.

 

Форбес сэтгүүлийн жагсаалтын 10 дугаарт гольфчин Тайгер Вүүдс 1,3 тэрбум долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна. “Мастерс” цуврал тэмцээний 5 удаагийн аварга тэрбээр тамирчны замналын хугацаанд нийтдээ 1,7 тэрбумын орлого олжээ.

 

Гольфчны дараа ҮСБХ-ны 4 удаагийн аварга Леброн Жеймс /1,2 тэрбум доллар/ бичигдлээ. Тэрбээр спортын салбарт ажиллахаас гадна телевиз-киноны Spring Hill компаниас ногдол ашиг авч, пиццаны газар ажиллуулж, үл хөдлөх хөрөнгө ба хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг ажээ.  

 

Жагсаалтын 12 дугаарт ҮСБХ-ны 5 удаагийн аварга Мэжик Жонсон /1,2 тэрбум доллар/ орсон байна. Тэрбээр хөл бөмбөгийн үндэсний лигийн "Вашингтон Коммандерс", бейсболын "Лос-Анжелес Дожерс", эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигийн "Лос Анжелес Спаркс", хөл бөмбөгийн ерөнхий лигийн “Лос-Анжелес” багуудын хамтран эзэмшигч юм. 

Related news