The Guardian: Клубүүдийн ДАШТ-ийг хоёр жил тутамд явуулах боломжийг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-19 13:23:19

ЛОНДОН, 2025 оны наймдугаар сарын 19. /ТАСС/. Клубүүдийн ДАШТ-ийг 2029 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулах боломжийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ судлан хэлэлцэх гэж байгаа тухай The Guardian сонинд мэдээлжээ.


Уг тэмцээн энэ оны зуны АНУ-д шинэ хэлбэрээр зохион байгуулагдаж, 32 баг оролцсон билээ. Финалд Английн “Челси” баг 3:0 харьцаагаар Францын “Пари Сен-Жермен” багийг хожсоноор дэлхийн аварга баг болсон юм.


Саяхан Испанийн “Реал Мадрид” клубын удирдлага тус тэмцээнийг хоёр жил тутамд явуулах саналыг дэвшүүлсэн байна. Үүнийг 2025 оны ДАШТ-д оролцож чадаагүй Испанийн “Барселона”, Английн “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл”, Италийн “Наполи” клубүүд дэмжжээ. Түүнээс гадна, ДАШТ-д оролцогчдын тоог нэмэгдүүлж 48 болгох, “нэг улсаас 2 клуб оролцоно” гэсэн дүрмийг цуцлах боломжуудыг судалж магадгүй байна.  


Гэсэн хэдий ч ФИФА дахь эх сурвалжуудаа эш татан The Guardian сонинд бичсэнээр бол, 2027 онд ДАШТ-ийг явуулах асуудлыг нухацтай авч хэлэлцээгүй бөгөөд харин 2029 оноос хойш байдал өөрчлөгдөж, тэмцээнийг 2031 онд зохион байгуулах тухай асуудлыг хөндөж магадгү байна.  


Гэвч энэ нь тэмцээний хуваарь хэт шахуу байна гэж ФИФА-г шүүмжилж буй  лигүүд ба хөлбөмбөгчдийн үйлдвэрчний эвлэлүүдийн байр суурьтай зөрчилдөж магадгүй юм. Энэ оны клубүүдийн ДАШТ болсны дараа Мэргэжлийн хөлбөмбөгчдийн олон улсын холбоо /FIFPro/ тоглолтын хуваарь хэт шахуу байгаа, хөлбөмбөгчдөд хэт хатуу нөхцлийг тулгаж байгаа зэргээс шалтгаалан ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантинод дургүйцлээ илэрхийлжээ.  


Үүнтэй холбогдуулан 6 дугаар сард болдог шигшээ багуудын тоглолтуудыг цуцлах асуудлыг ФИФА хэлэлцэж магадгүй юм. Гэвч энэ нь зуны эхээр Үндэстнүүдийн лигийн сүүлчийн шатны тэмцээнийг зохион байгуулдаг УЕФА-гийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.  

Related news