Мароккогийн хөлбөмбөгчид залуучуудын дэлхийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-10-20 13:06:35

САНТЬЯГО, 2025 оны аравдугаар сарын 20 /TASS/. Чилид болсон 20 хүртэлх насны залуучуудын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Марокко улсын шигшээ баг Аргентины багийг 2:0-ээр хожиж, уг насны ангилалд анх удаа дэлхийн аварга боллоо.


Тоглолт Сантьяго хотын “Насьональ-Хулио Мартинес Праданос” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Аргентины баг тоглолтын эхнээс идэвхтэй тоглож, дэлхийн зургаан удаагийн аварга цолоо хамгаалахыг хичээсэн боловч Мароккогийн хөлбөмбөгчид илүүрхлээ. 


Тоглолтын гоолуудыг (12 ба 29 дэх минутад) Мароккогийн шигшээ багийн 20 настай довтлогч Яссир Сабири хийжээ. Эхний гоолоо Сабири баруун жигүүрээс өгсөн дамжуулалтаас оруулсан бол хоёр дахь гоолыг торгуулийн талбайн гаднаас шийдэмгий хүчтэй цохилт хийж оруулжээ.


Хүрэл медалийг Колумбийн шигшээ баг хүртсэн байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод колумбичууд Францын шигшээг 1:0-ээр хожлоо. 


Ийнхүү Мароккогийн шигшээ баг 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д анх удаагаа түрүүлсэн бол Аргентины хувьд зургаан удаа түрүүлснээр тус тэмцээний дээд амжилтын эзэн хэвээр байна. 2023 онд аваргын цомыг Уругвайн шигшээ баг хүртжээ.



Related news