Дорнын домгуудад Наурызын талаар хэрхэн өгүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-22 09:36:40

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Казах түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцсэн өдөр Наурыз баяраа тэмдэглэдэг. Өнө эртний түүхтэй, дорнын олон ард түмэн Хаврын баяр, Шинэ жилийн баяр хэмээн нэрлэдэг Наурызын тухай дорнын домгуудад юу өгүүлснийг түүвэрлэн хүргэж байна.  


Наурыз нь олон ард түмэн, түүний дотор казахууд эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн баяр юм. "Наурыз" гэдэг үг нь перс хэлний "нау" (шинэ), "руз" (өдөр) гэсэн үгнээс гаралтай ба үүссэн цагаасаа эхлээд шинэ оны эхний өдөр (зарим газарт гуравдугаар сарын 21-ний өдөр, зарим газарт 22-ны өдөр тэмдэглэнэ) хэмээн тооцогддог. Казахын ард түмэн Наурыз баярыг "Ард түмний их баяр" (Ұлыстың ұлы күні), "Эргүнэхон" (Ергенеқон), "Шагаан" (Шаған), "Шинэ өдөр" (Жаңа күн), "Хаврын эхэн" (Көктем басы), "Жилийн эхэн" (Жыл басы), "Өлзийтэй өдөр"(Қадыр күні) гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг.


Наурыз баярын гарал үүслийн тухай олон домог бий. Дорнын нэгэн домогт зөнч Сүлеймен өөрийнхөө шидэт бөгжнийхөө ачаар бүх амьд амьтны хэлийг мэдэж, тэднийг захиран эзэнт улсаа байгуулсан талаар өгүүлдэг. Нэг өдөр Сүлеймен шидэт бөгжөө алдаж, удаан хугацаанд эрэн хайсны эцэст дахин олж авсан байна. Бөгжийг олсон цаг мөч нь Шинэ жилийн эхний өдөртэй таарсан тул тухайн цагаас эхлэн Наурыз баярыг тэмдэглэх болсон хэмээдэг.


Османы эзэнт гүрний үед зурхайчид хуанлийн дагуу шинэ жил тохиох өдрийг урьдчилан тооцоолж, эмч, тан баригч нар янз бүрийн эмийн ургамлаар хийсэн эм тангаа (Наурызын эм) эзэн хаанд өгч, дээл бэлэглэж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байжээ. Харин эзэн хаан улсын сан хөмрөгөөс энгийн иргэдэд зориулж мөнгө хуваарилж, улсын хэмжээнд томоохон найр наадам хийж, өглөг тараадаг аж. Тийм учраас тухайн өдрийг "Ард түмний их баяр" (Ұлыстың ұлы күні) хэмээн нэрлэдэг болсон гэдэг домог ч байна.




Бас нэгэн домогт Наурыз баярыг Хызыр өвөө (Қызыр ата, заримдаа “Қыдыр ата”)-тэй холбон өгүүлдэг. Тухайн домогт, "Гуравдугаар сарын 22-ны өдрийн шөнийн 3 цагийн үед Хызыр өвөө бүх айл өрхүүдээр ордог. Үүнтэй холбоотойгоор гэрийн эзэд урьдчилан бүх бэлтгэлээ хангаж "хишиг буян арвижна" хэмээн гэрийн ойр орчим, дотор тал, эд хогшлыг  сайтар цэвэрлэдэг. Мөн хүндэт зочин хүлээн авдаг шигээ хоол ундыг төрөл төрлөөр нь бэлдэх ёстой. Тухайн шөнийг казахууд "Өлзийтэй шөнө" (Қыдыр түні) гэж нэрлэдэг". Ер нь Дундад Азийн олон ард түмэн болон казахуудын дунд "Бүх шөнө чинь Хыдыр (Хызыр) болог, Бүх өдөр чинь Наурыз болог!" гэдэг ерөөл маш өргөн тархсан нь, мөн Наурызыг "өлзийтэй өдөр" хэмээн итгэдэг нь дээрх домогтой холбоотой гэж судлаачид үздэг.

    

Наурызтай холбоотой бусад домогт:

  •     Дэлхий ертөнц сэрж шинэчлэгддэг. Ертөнцийн муу муухай (өвлийн хахир хүйтэн, цастай, шуургатай өдрүүд) арилж, сайн сайхан (дулаан өдрүүд) ирдэг, цэцэг навч дэлгэрдэг;
  • Өвөл болон зун, өдөр болон шөнө тэнцэнэ. Урин цагийг дагаж амьтай бүхэн амилдаг, шинэ амьдрал бий болдог;
  • Наурыз бол өлзийтэй өдөр. Тухайн өдөр Аллах бурхан хүн төрөлхтний өвөг дээдэс Адам өвөө, Хауа (Ева) эхийг бүтээсэн. Тухайн өдөр зөнч Нухын (Нұқ пайғамбар) усан онгоц уулын орой дээр ирж зогсож, зөнчийн хөл нь хуурай газарт хүрсэн. Тухайн өдөр зөнч Жунис (Жүніс) халимын гэдсийг зүсэж эсэн мэнд гарсан. Зөнч Жусип  (Жүсіп) худгийн гүнээс эсэн мэнд гарч аврагдсан өдөр. Мөн өдөр Зөнч Муса (Мұса) таягаараа Улаан тэнгисийг хоёр хэсэгт хувааж, Мисирийн хааны цэргүүдээс зугтаж чадсан. 

Наурызыг заримдаа "Эргүнэхон" (Ергенеқон) хэмээн нэрлэх нь ч бий. Энэ нэр өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нэгэн домогтой холбоотой гэж үздэг. Тухайн домогт: "Эрд урьд цагт Түрэгүүдийг захирч байсан Ил хаан нэгэн тулалдааны үеэр ялагдал хүлээж, гэр бүлтэйгээ хамт дайсныхаа гарт амиа алддаг. Түүний гэр бүлээс хэнз хүү болох Хаян болон зээ Тухыз нар дайны талбараас зугтан гарч, уулаар хүрээлүүлсэн нэгэн газар очиж бүгжээ. Тэд энэ нутгийг «Эргүнэхон» гэж нэрлэсэн байна. Гэвч хожим нь тухайн газраас гарах гарц олж чадаагүй аж. Нэгэн өдөр төмрийн дархны зөвлөснөөр төмрийн орд бүхий уулын энгэрийг галаар хайлуулан нүхэлж, тухайн нүхээр гадагшаа гарч чадсан байна. Энэхүү гадаа эрх чөлөөнд гарсан баярт өдөр нь Наурыз байжээ. Тиймээс тэр өдрөөс хойш Наурызыг "Эргүнэхон", "Ард түмний их баяр" хэмээн нэрлэх болсон" гэдэг.




Эрдэмтэн судлаачид Наурыз баярыг 3 мянган жилийн түүхтэй гэж үздэг. Эдүгээ Дундад Ази, Балканы хойг, Хар тэнгисийн эрэг орчмын бүс нутаг, Кавказ, Ойрх Дорнодын 300 сая гаруй иргэн өөрсдийн Хаврын баяр, Шинэ жилийн баяраа хэмээн  өргөн дэлгэр тэмдэглэж байна.


Наурызыг Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Узбекистан, Турк Улсад жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр, Дундад Азийн бусад орнууд (Казахстан, Киргиз, Тажикситан, Түркменистан) болон Бүгд Найрамдах Азербайжан Улсад 22-ны өдөр тэмдэглэдэг. Эдгээр улсуудын дотор Тажикстан, Казахстан, Узбекистан, Турк Улс Наурызыг бүх нийтээр тэмдэглэх төрийн албан ёсны баярын өдрөө болгожээ.    


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны 64 дүгээр тогтоолоор мөн оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын Наурызын өдөр" болгон зарласан. Харин НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) Наурыз баярыг 2009 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулав.


Монголын казахууд Наурызыг 1990 оноос сэргээн тэмдэглэж байгаа. Мөн Монгол Улсын Соёлын яам болон Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн зүгээс Наурызыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн ажиллаж байна.

 

Related news