УИХ-ын сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-01 15:28:39

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ХЭҮК Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар иргэдийн сонгох сонгогдох эрхийг хангах, сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллахаар тохирсон. 


Энэ хүрээнд ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нар ээлжит сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Хамтын ажиллагааны хүрээнд уул уурхай, тээврийн салбарт ажиллаж буй болон гадаад улс дахь сонгогчдын сонгох эрхийг хангах, сонгуулийн өмнө болон санал өгөх явц, тэдгээрийн үр дүнтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн заасан дүрэм журам, заавар зөвлөмж, баримт бичгийн маягтын төсөл хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд санал өгөх, ХЭҮК-ын албан хаагчид, зорилтот бүлэг, олон нийтэд Сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.


Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн гомдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хариу өгөх ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх юм.

Related news