Африкийн цомын финалд Нигери, Кот д’Ивуар шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-08 10:25:04

АБИЖАН, 2024 оны хоёрдугаар сарын 8 /AFP/. Лхагва гарагт Нигерийн шигшээ баг ӨАБНУ-ын хөлбөмбөгчдийг торгуулийн цохилтоор /4:2/ буулган авснаар Африкийн цомын тэмцээний /AFCON/ финалд өрсөлдөх эрхээ авлаа.


Кот д’Ивуарын “Буаке” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 67 дахь минутад Нигерийн хамгаалагч Уильям Троост-Эконг торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалав.  Улмаар 90 дэх минутад Өмнөд Африкийн хагас хамгаалагч Тебохо Мокоена мөн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр хагас шигшээгийн тоглолт нэмэлт цагт үргэлжилсэн боловч тооны харьцаа 1:1 хэвээр өндөрлөлөө.


Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах үед “Супер бүргэдүүд” гэгддэг Нигерийн шигшээ баг 4:2-оор өмнөд африкчуудыг буулган авч, Абижан хотод болох финалын тоглолтод шалгаран үлдлээ. 


Нигери улс AFCON тэмцээнд гурван удаа түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд аваргын цол хүртснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ.



Энэ удаагийн Африкийн цомын тэмцээнийг зохион байгуулагч Кот д’Ивуарын хөлбөмбөгчид лхагва гарагт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шигшээ багтай финалд үлдэхийн төлөө өрсөлдлөө.


Абижан хотын “Алассан Уаттара” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 65 дахь минутад Кот д’Ивуарын хөлбөмбөгч Себастьен Алле хагас шигшээгийн тус тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг оруулснаар зохион байгуулагч улсын тамирчид финалын шатанд өрсөлдөх эрхээ авлаа.


AFCON-2023” тэмцээний шувтаргын тоглолт ирэх ням гарагт болох бол Өмнөд Африк, Конгын шигшээ багууд бямба гарагт гуравдугаар байрын төлөө өрсөлдөнө.

 


Related news