Л.Хэмилтон “Мерседес”-ээс явна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-02 10:35:47

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 2 /РИА Новости/. “Формула-1” уралдааны 7 удаагийн аварга, Их Британийн тамирчин Льюс Хэмилтон 2024 оны улирал дууссаны дараа багаасаа явах гэж байгаа тухай “Мерседес” багийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.


Хэмилтон тус багтай 2023 оны 8 дугаар сард байгуулсан шинэ гэрээний дагуу багаасаа гарах гэж байгаа юм.


“Льюстэй хамтран ажилласан үе маань спортын хамгийн өндөр амжилтын он жилүүд байлаа. Бид үүнийг бахархалтайгаар эргэн дурсаж байна. Льюис маань үргэлж “Мерседес”-ийн түүхийн чухал хэсэг байсаар байх болно. Хэзээ нэгэн цагт бидний түншлэл дуусгавар болно гэдгийг бид мэдэж байсан, ийм өдөр ирлээ. Шинэ боломж сорилтуудыг эрж хайх гэсэн Льюисийн шийдвэрийг бид хүндэтгэн үзэж байна, бидэнд ч гэсэн өөрсдийн ирээдүйн боломжийг олж харах нь сонирхолтой. Одоо бидэнд уралдааны ганцхан улирал үлдлээ, 2024 оныг эрч хүчтэйгээр дуусгахын тулд уралдаануудад анхаарлаа төвлөрүүлж байна” хэмээн “Мерседес” багийн удирдагч Тото Вольф ярилаа.


Харин Италийн “Феррари” багийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл, Их Британийн нисгэгч 2025 онд тус багт шилжин очих бөгөөд олон жилийн хугацаатай гэрээ байгуулах бололтой.


Өдгөө 39 настай Хэмилтон 2013 оноос хойш “Мерседес” багийн бүрэлдэхүүнд уралдаж байна. Тэрбээр “Формула-1”-д 7 удаа аваргалснаар домогт Михаэл Шумахерийн амжилтыг давтжээ.


2023 оны улиралд Хэмилтон нийлбэр дүнгээр 3-р байр эзэлсэн бөгөөд “Мерседес”-тэй байгуулсан гэрээгээ 8 дугаар сард "1+1" гэсэн нөхцлөөр сунгасан нь 2025 онд багаа солих боломжийг түүнд олгожээ.  

 

 

Related news