СЭЛЭНГЭ: “Дугуйтай Сэлэнгэ” клуб Орон нутгийн шилдэг багаар шалгарчээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-25 14:35:07

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо 2023 оны ажлаа дүгнэж, амжилт ололт, алдаа дутагдлаа хэлэлцсэн байна.

 

Ингээд 2023 оны “Орон нутгийн шилдэг баг” өргөмжлөлт шагналаар Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клуб шалгарч, тус клубын тамирчин Б.Отгонбаяр Монголын дугуйн холбооны “Шилдэг тамирчин” шагналыг хүртжээ.

 

“Дугуйтай Сэлэнгэ” клубээс энэ жил маш олон шилдэг дугуйчид төрсөн байна. Тодруулбал Монголын дугуйн холбооны 2023 оны шилдгээр чансааны үзүүлэлтээрээ насанд хүрэгчдээс М.Нямлхагва, Л.Алтансувд, С.Баярмаа, Ц.Туяа нар шалгарсан байна.

 

Өсвөрийн дугуйчдаас уулын дугуйн спортын анхны өсвөрийн дэд мастер цолыг Б.Номинжин авсан бол Б.Бат-Ирмүүн, Г.Ариун-Хүслэн, О.Цэнгүүн, Б.Аззаяа нар шалгарчээ.

 

Тус клбуын тэргүүн М.Нямлхагва “Уулын дугуйн спорт нь тухайн жилд зохиогдож байгаа спортын зэрэг дэвийн оноо тоологдох, чансаа өндөр олон олон уралдаан тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлснээсээ шалтгаалж байр эзлүүлж, спортын зэрэг олгодгоороо онцлогтой. Энэ жил манай клубээс уулын дугуйн спортын өсвөрийн дэд мастер нэг шинээр төрлөө.

Мөн 1-р зэргийн тамирчин шинээр 6 нэмэгдэж, 12  боллоо. Бид маш их баяртай байна.

 

Манай хамт олон дугуйн спортыг хөгжүүлэх, аймаг орон нутгаа сурталчлан таниулах үүднээс ОХУ-ын Буриад улсын дугуйчидтай хамтран 2019 оноос эхлэн  дугуйтай гадаад аялалыг тогтмол хийж байна. Энэ хамтын ажиллагаагаа ирэх 2024 онд улам хөгжүүлэн ажиллана” хэмээн ярилаа.   

 

Клубын тэргүүн М.Нямлхагвын хувьд засмал замын болон уралдааны дугуйн төрлөөр шилдэг тамирчин гэсэн эрхэм шагналыг Сэлэнгэ аймагтаа анх удаа авч иржээ.

 

Тэрээр “Дугуйтай Сэлэнгэ” клубын тэргүүн, дасгалжуулагч, дугуйн спортын 1-р зэргийн тамирчин бөгөөд 2023 онд Засмал замын дугуйгаар уралдаж, Мастеруудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль, сонирхогчдын УАШТ-ээс хүрэл медаль, Монголын дугуйн холбооны хаалтын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртжээ.